Захирлын мэндчилгээ

Та бүгдийн амар амгаланг айлтгая.

Дэлхий дахинд өрнөж буй технологийн хурдацтай хувьсал, хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтээс хамааран Монгол Улсын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв байгууллагын үйл ажиллагаа болон цаашдын стратегийн зорилтуудад олон шинэ сорилтууд бий болжээ.

Миний бие компанийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгож үйлчлүүлэгчид болон хамтран ажилладаг байгууллагуудад хүртээмжтэй, Олон Улсын санхүүгийн зах зээлийн стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд илүү анхаарч ажиллахыг хичээнэ.

Ингэхдээ дотоодын нийгэм, эдийн засаг болоод дэлхий дахинд өрнөж буй үйл явцыг соргогоор мэдэрч, аливаа асуудал, бэрхшээлийн шийдлийг бүтээлчээр эрэлхийлэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үнэ цэнтэй ажил хэрэгжүүлэхийг зорино.

Түүнчлэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж буй хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг хувьцаат компанийн болон түүний хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг найдвартай хамгаалан хадгалж, үнэт цаасны бүртгэлийг үнэн зөв хөтлөх, гарсан алдаа, бэрхшээлийг засаж залруулах замаар үйлчлүүлэгч та бүхний итгэлийг олно гэдэгтэй итгэлтэй байна.

Цаашид улс орныхоо хөрөнгийн зах зээлийн өрсөлдөх чадвар, цаашлаад даян дэлхийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах шинэ үеийн хөрөнгө оруулагч, энтрепренюр сэтгэгчид, инновац хөгжүүлэгчид, хувьцаат компани болон хөрөнгийн зах зээл дээрх хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудад манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй.

Та бүхний цаашдын үйл хэрэгт амжилт хүсэхийн хамт манай байгууллагатай хамтран хэрэгжүүлэх аливаа санал, санаачилгыг талархан хүлээн авах болно.

ҮЦТХТ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЭНХСАЙХАН